“Эсэн мэнд амаржихуй” сайн үйлсийн аян
2016-11-09

“Тэнгэрийн орноос Замбу тивд эргэн заларсан дүйчэн өдөр буюу Эхийн ачийг хариулсан” дүйчэн өдөр 2016 оны 10-р сарын 22-нд тохиосонтой холбогдуулан тус тэмдэглэлт өдрөөр МБШТөв Гандантэгчэнлин хийд болон “Таны Буянд Даган Баясъя” төв, “Их Майдар сан” ТББ-уудаас санаачлан “Эсэн мэнд амаржихуй” эх хүүхдийн эрүүл мэндийн төлөөх сайн үйлсийн аянг зорилго нэг байгууллагуудаа уриалан эхлүүлсэн.
    Тус аян нь 2016 оны 11-р сарын 24-нд тохиох Богд Зонховын “Зулын 25”-ны дүйчэн өдөр хүртэл үргэлжлэх юм.
Дээрх тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулах нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагааг эх хүүхдийн эрүүл мэндийн салбарт чиглүүлж, судалгаа хийсний үндсэн дээр  “Хүрээ амаржих газар” буюу хуучнаар   2-р амаржих газрын “Нярайн тасаг”- т орчин үеийн тохижилт хийхээр сонгон ажиллаж байна. 
“Хүрээ амаржих газар” нь 1959 онд ашиглалтад орсон 60 шахам жилийн түүхтэй нийслэлийн ууган амаржих газруудын нэг юм. 
Уг амаржих газар нь Нийслэлийн хамгийн их хүн амтай, нийгмийн эмзэг бүлгийн иргэд олонтой СХД-ийн төрөх насны бүх эхчүүдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн тогтворгүй  байдлаас шалтгаалан улсын төсвөөс урсгал засврын санхүүжилт огт хийгдээгүй, орчин үеийн тав тухтай, эрүүл аюулгүй тохилог орчин шаардлагатай байгаа нь судалгааны ажлын үр дүнд тодорхой болсон. 
Сүүлийн жилүүдэд төрөлт эрс ихэссэн, агаарын бохирдол гэх мэт хүчин зүйлүүдтэй холбоотойгоор хугацаанаасаа өмнө дутуу төрөлт, дутуу нярайн эзлэх хувь нийт төрөлтөд 8-10 хувийг эзлэх болжээ.
Өдөрт дунджаар 20 орчим эх хэвтэн эмчлүүлдэг бөгөөд Нярайн тасагт жилдээ шинээр төрж буй нийт нярайг хүлээж авахаас гадна эмчилгээтэй, дутуу, биеийн байдал хүнд нярайд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ үзүүлдэг байна. Эрүүл бүх нярайд асаргаа сувилгаа угаалга, дархлаажуулалт хийгддэг. 
Нярайн тасагт  эрүүл ахуй, халдвар хамгааллын журмыг  хатуу сахиж ажиллах шаардлагатай байдаг боловч ачаалал ихтэй үед байрны хүрэлцээ, багтаамж муу, нягтрал ихтэй ажилладагаас нярай хүүхдүүдэд сахих халдвар хамгаалалын дэглэм алдагдаж эх хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. 
Иймд Монголын мянга мянган бяцхан үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, эх хүүхдийн эрүүл мэндийн төлөөх “Эсэн мэнд амаржихуй” сайн үйлсийн аяныг дэмжин “Хүрээ амаржих газар”-ын  “Нярайн тасаг”-ийн тохижилтонд шаардлагатай байгаа 30 гаруй сая төгрөгийг бүрдүүлэхэд байгууллага хамт олноороо өөрсдийн боломжоороо сэтгэлийн хандив өргөж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 
Та болон танай хамт олон, гэр бүл, найз нөхдийн тань өргөсөн сэтгэлийн хандив 
 түмний нялх үрсийн цагаанхан сэтгэлийн гэгээгээр сүлэгдэж 
буяны хотол чуулганыг хураах болтугай.

Сайн үйлс шинийн саран мэт арвидан дэлгэрэх болтугай.

Бусад мэдээ
Copyright © 2012 Их Майдар сан