"БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР" 5/21
2016-05-20

Эрхэм Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхцдаг зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурханы шашинт Азийн бүх улс орнууд, Европын холбооны зарим улс орнууд мөн Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.

Монголчууд бид энэхүү түүхт өдрийг шашин шүтэх эрхийг сэргээсэн 1990 оноос хойш "БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР" нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Энэхүү баярыг Улаанбаатар төдийгүй бүс хотууд, орон нутаг дахь үндэсний уламжлалт өв, соёлоо хүндэтгэн дээдлэгч байгууллага хамт олонтой хамтран номын айлдвар, сайн үйлсийн аян зохион байгуулж байна.

Тиймээс энэ жилийн Бурхан багшийн их дүйчэн өдөр “Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе” уриан дор зохиогдох ба үндсэн гурван үйл ажиллагаанаас бүрдэх юм.

Үүнд “Амар амгалан Улаанбаатар”- Бясалгалын флашмоб, баярын сүрт жагсаал, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг бурханы өмнөх талбайд ёслолын үйл ажиллагаа тус тус зохион байгуулж байна.

Хүнлэг энэрэнгүй шудрага нийгмийг цогцлоох, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэх, өв соёлоо дээдлэх, уламжлуулах эрхэм зорилго, эв санаан дор нэгдэхийг уриалж байна.

Зохион байгуулагч: Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд болон нийгмийн сайн сайхны төлөө төслүүд хэрэгжүүлэгч, Бурханы шашны сургаал номлол, ёс суртахуун, зөв амьдрах ухааныг олон нийтэд таниулан мэдүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд.

 

Бусад мэдээ
Copyright © 2012 Их Майдар сан