Далай лам
2013-02-26

Их Майдар төслийн зорилго нь Монголд Бурханы шашныг сэргээх, түүний үнэт зүйлс. боловсролоор дамжуулан бурхан шашны соёл, уламжлалыг хадгалах, улмаар Зүүн хойд Азийн Бурханы шашны төв болоход оршино. Энэхүү төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин ивээлдээ авсан нь чухал (эерэг) алхам болжээ.
 
Түвдийн соёл иргэншилд хөрш улс үндэстнүүдтэй үр дүнтэй харилцаж байсан урт түүх бий. XIII зуунаас хойш Түвд Монгол улстай ойр харилцан шашин соёлын харилцааг хөгжүүлж, сайн нөхөрлөлийг бэхжүүлж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. XX зуунд Монгол Түвдийн ард түмэн коммунист дарангуйллын дор зовж хэлмэгдэж байсан. Монгол улс энэ бурангуй үеэс салж өөрийн шашин соёлыг сэргээн шинэчилж байгаа нь нэн талархууштай. Түүхийн цаг хугацаанд Бурханы шашны үзэл санаа монголчуудын соёл, итгэл үнэмшлийг тодорхойлж байжээ. Хүмүүний амьдралын үнэт зүйлс болох хүчирхийлэлгүй байх, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлага зэрэг хүн төрөлхтөнд асар их тустай сургааль, номлолууд Бурханы шашинд байна. Энэхүү төсөл нь эдгээр үнэт зүйлсийг дэмжин ажиллаж байгаад би сэтгэл дүүрэн байна.
 
Их Майдар төслийн үйл ажиллагааны гол хэсэг нь боловсролыг дэмжихэд чиглэсэн байна гэдгийг мэдэхэд их таатай байна. Өвөр Ази, Гималайн ард түмнүүд Наландарын сургуулийн жишгээр ном судар, тэдгээрийн тайлбаруудыг уншиж судлан, мэдсэн зүйлсээ мэтгэлцээнээр баталгаажуулан суралцдаг уламжлалыг дээдэлдэг билээ. Аливаа утгыг ойлгохгүй даган давтан уншина гэдэг нь хоцрогдол. Бид мухар сүжгээс ангид байж нийгэмд зөв өөрчлөлт хийдэг XXI зууны Бурхан шашинтан болохын тулд хичээж ажиллах хэрэгтэй. Энэ цаг үед орчин цагийн боловсролыг Бурханы шашны боловсролтой хосолсон буюу Бурханы гүн ухаан, шинжлэх ухааны суурь дээр үндэслэсэн боловсрол олгох нь нэн чухал билээ.
 
Их Майдар төслийг дэмжиж, түүний төлөө залбирч байгаадаа баяртай байна.
 
2011 оны З сарын 28
Бусад мэдээ
Copyright © 2012 Их Майдар сан